Д.Энхдаваа: Энэ тамгыг дарах биш, дарагддаг юм

“Аливаа зүйлд хувь зохиол бий гэдэгт би итгэдэг. Төрийн тамгыг урла гэж бурхан надад даалгасан байх”. Дархан Дамбийн Энхдаваа ийн хэлсэн.

Түүний урласан гангаар сийлсэн хас эрдэнийн энэ тамган дээр “Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол улсын Далай хааны зарлиг ил болон иргэн дор хүрвээс биширтүгэй, аюутугай” гэсэн бичээс бий. Энэ бол 1246 онд Гүюг хаанаас Ромын пап IV Иноцентэд илгээсэн бичиг дэх тамганы дардас юм.

Түүнчлэн Чингис хааныг нас барсны дараа түүний хүү Тулуй нэг, Өгөөдэй хаан 13 жил хаан суусан байдаг. Харин Өгөөдэйг нас барсны дараа хатан нь хэсэг хугацаанд төр хамаарч байгаад хүү Гүюгтээ хаан ширээг шилжүүлжээ. Энэ үед монголчууд дан гадагш хандсан бодлого явуулж байсан тул төрийн тамга үрэгдэх учиргүйгээр барахгүй Гүюг хааны барьж байсан энэ тамга Чингис хааных гэх үндэслэл бий.
“Урлан” булангийхаа зочноор ДУДС-ийн багш Д.Энхдавааг урилаа.

-Танд энэ тамгыг хийх санаа яаж төрөв өө?
-1986 онд Украинд сурч байхдаа Плано Карпинийн “История и Монголов” номыг уншсан юм. Тэгээд л энэ талаар нэлээд судалгаа хийх болсон. Манай эрдэнэсийн санд хадгалагдаж буй алт, мөнгөн тамганы хайрцаг, бас Богдын болон Үндэсний музей дэх тамга, тамганы хайрцаг, Манжийн үеийн морины эмээл дээр авч явдаг тамганы авдар зэрэг түүхийн дурсгалт зүйл цөөнгүй бий.
Тамга хийх ажлаа үндсэндээ есөн жилийн өмнөөс эхэлсэн дээ. Энэ хооронд БНХУ-д металл дизайнерийн мэргэжлээр хоёр жил суралцсан. Хамгийн их цаг зав зарцуулсан нь тамганы ул байлаа. Эхлээд 16 кг цул ган болд төмрийг хөөрөгдөн халааж үдшийн бүрэнхийд гэрэлтэх улаан төдий болмогц уяраалтыг зогсооно. Ингээд хөрөх үед нь торгон эсгүүрээр зураглалыг гаргаж, энэ дагуу хөрөөдөх, хасуурдах, цоолох, сийлэх  зэрэг аргыг хэрэглэн тамганы үндсэн эхийг гаргасан.  Дараа нь хэмжиж үзэхэд яг найман кг болсон байсан.

-Яагаад заавал гангаар хийх ёстой гэж?
-Ган биш алтаар урлачихвал төр солигдохоор хайлуулаад үгүй хийчихнэ биз дээ. /инээв/
Төр улс дэлхий ганхаж,  галав юүлэвч бат мөнх оршихын бэлгэдэл болгож ингэж бүтээсэн хэрэг. Тэгээд ч энэ тамганы дардасны жин нь гэхэд бараг есөн кг хүрэх болохоор ганц хүн тэр бүр өргөж дийлэхгүй. Бас ийм хүнд болохоор энэ тамгыг дарах биш, өөрөө аяндаа дарагддаг юм.

Монгол төрийн Их тамга, гэр хайрцаг,
авдрын хамт 28 кг, 105 гр жин татна.


Уг тамгыг титэм хас, хүрээ хас, түмэн наст хас, эр хас, угалз хас, торгон хээ, язгуур хээ, сүлд хээ, эвэр угалз, хамар угалз зэрэг 13-16 зууны үед хэрэглэж байсан нийт 23 төрлийн хээ чимгийг сийлэх, жийжүүдэх, цувцайдах, хажлах, хөөх, зүсэх, сүлжих, давтах, хайлах, суулгах, ширээх, хатаах, уяраах, шарах зэрэг 33 зүйлийн жинхэнэ монгол дархны уламжлалт  хийц, арга барилаар урлажээ.

Ер нь тухайн тамганы зориулалт болон барьж буй эзнийх нь эрх хэмжээ, дэв зэргээс шалтгаалан тамга ба гэр хайрцагны хэмжээ, хийц янз бүр байх нь бий. Энэ ч утгаар тамганы гэр хайрцгийг  алт, мөнгө болон гууль бүхий хайлшийг давтаж өсөж үржих, өөдлөн дэвжих, эх дэлхий газар нутгийг бэлгэдэсэн торгон хээгээр чимэглэжээ.

Харин хайрцагны хүрээг хас хээгээр битүү эмжжээ. Гэр хайрцагны дээр титэм эр хас, дор нь эм хасыг тамгалан сийлж, шижир алтаар шармалдан бүтээсэн аж. Мөн дотор талы нь гандий модоор доторлож, хүрэн зандан модны үндсээр өнгөлөн, мөнгөн од суулгасан бөгөөд язгуур хээг мөнгөөр хөөж суулган, эвэр угалз бүхий цэцгэн хээгээр зангидсан байв.

Хайрцагны таган дахь уул, усыг дүрсэлсэн хээн хүрээнд түмэн хас суурин дээр мандан бадрах, эв нэгдлийн бэлгэдэл, есөн хөл, есөн хэлт төрийн цагаан их тугийг шигтгэн сүлдэлж, найман нуруу бүхий хос гөрмэл гинжээр бэхлэн тахижээ. Энэ бүхнийг алтан шармал торгон хээ, мөнгөн жийжүүтэй зандан модонд түмэн наст бүхий мөнгөн хүрээг цоолон сийлсэн суурин дээр байрлуулав...

Эндээс манай төрийн тамга хэр үнэ цэнэтэй, дархан хүний бурхан ухаан шингэсэн бүтээл болох нь харагдана.
Д. Энхдаваа багш үүнээс гадна “Төрийн их ган тулга” /1991 он/, “Төрийн их цагаан сүлд туг”/1994 он/, “Чингис хааны зарлигийн алт, мөнгөн гэрэгэ” /1989-2006/ -г сэргээн бүтээжээ.

Энэ бүхнээс үүдэн бид монгол дархны урлагийн талаар ярилцлаа.
-Манай гол урлал дархан байсан болохоор эртний уламжлалаа алдаагүй ирж чадсан. Хүрлийн үеийн цутгуурын аргаар хийсэн буган толгойтой илд байдаг даа. Ийм мундаг бүтээл хийж байсан хүмүүст баялаг уламжлал байлгүй яахав.

Ер нь манай дархны урлал бусад орныхыг бодвол дахин давтагддаггүйгээрээ онцлогтой. Монгол дархан гараараа хийхээсээ өмнө тархиндаа зурж, хамаг л энергээ зарцуулдаг учир амьтай бүтээл болдог, амьтай байж цааш амьдарч чаддаг байхгүй юү.

Тухайлбал, манай “Есөн ирт махир хар сэлэм” хэмээн алдаршсан сэлмийг урлахдаа харанхуйд дөнгөж гэрэлтэх улаанд эхлэн давтаж, үдшийн бүрийд ялгарах хүрэн улаан болох үед сунгаж, нарны гэрэлд харагдах хүрэн улаан буюу улаан болох үед балбаж, шингэн улаан өнгө гэрэлтмэгц хэвэнд дэлддэг байж. Ингээд цайвар улаан, час улаан өнгөтэйд нь ир оруулан давтаж, улаан шаргал, шар өнгөтэй болмогц ширээн, цайвар шар, зааны ясан цагаан, хурц цагаан өнгөтэйд торгон ир суулгаж, нүд сохлом хүйтэн цагаан өнгө ялгарах үед хатаадаг байсан аж. Тиймээс 12 зууны үед хүнд сэлмээр байлдаж байсан европчууд манай энэ сэлмийн гайхамшгийг мэдэж,  маш хурдан хугацаанд өөрийн болгож авсан түүхтэй.

-Манайд дарьганга, боржигон зэрэг нутаг нугаараа ялгарсан алдартай хийцүүд байсан. Энэ бүхэн цааш уламжлагдан хөгжиж чадаж байна уу?
- Батноров хийц гэхэд зөвхөн Батноровт байдаг нанги шавраас шалтгаалсан байдаг. Ийм шавар ашиглан  мөнгөөр цутгасан цутгмал их цэвэрхэн гардаг юм. Гэтэл Дарьганга хийц гэхэд утсан сүлжмэл ихтэй.
Энэ бүхнийг уламжлан авч үлдэнэ гэж хэлэхэд хэцүү. Орчин үетэйгээ холбогдон хөгжих л байх даа.

-Танд монгол хээний баялаг цуглуулга байдаг. Бас үүнийгээ түмд хүргэнэ гэж байсан. Нэг үндэстнээс ийм олон янзын хээ гарна гэж үү?
-Миний цуглуулсан хээ 8000-д хүрээд байна. Арван мянгад хүрэх байх аа. Би хойно сургуульд сурч байхаасаа л эхэлж цуглуулсан юм.
Өөрийн орноос гадна Чингисийн эзэлж байсан гүрнүүдийн эд хэрэгслээс ч олж байсан.

-Монголынх гэж ялгарахаар байдаг гэж үү?
-Ялгарнаа. Нүүдлийн соёл иргэншил гээд ялгах олон шинж бий. 

Түүний урланд монгол дархны урлалыг орчин үетэй хослуулсан хэд хэдэн бүтээл  байв. Үүний нэг нь “Боржигоны бор тал”. Контемпрэри урлалын нэг жишээ.
-Уг нь энэ хоёр хүн чулуу хар өнгөтэй тиг дөрвөлжин суурь дээр байдаг юм.  Хязгааргүй үргэлжлэх талыг дүрсэлсэн хэрэг. Мөн төр нь түвшин, түмэн олон амгалан байг гэсэн санаа. Хүн чулуу өглөөд бас оройд нарны гэрэлд улайран харагддаг юм байна. Өнгөрсөн, ирээдүйг холбож байгаа ч юм шиг. Тэр утгаар ийнхүү зөөлөн улаан шаргал өнгийг сонгосон. Мянга мянган жилин дараа хэн нэг нь үүнийг бас өөр маягаар дүрслэх байх л даа.  Бие бие рүүгээ тэмүүлэх эр, эм хоёрыг ч бас давхар харуулж байгаа. Эрчилсэн утсаар ороож өгсөн нь хязгааргүй үргэлжлэх цаг хугацаа ч байж мэднэ.

-Таны урланд “эмэгтэйчүүд” их байх юм.
-Ямар ч уран бүтээлч эмэгтэй хүнийг натур болгох дуртай. Гоо сайхны дээд шүү дээ, эд чинь. Ямар ч хатуу материалаар хийсэн их зөөлөн харагддаг юм. Манай монгол эмэгтэйчүүд нэг тийм нуугисан биетэй, бусад орныхоос арай л ондоо. Би үгээр илэрхийлж чаддаггүй  юм аа. Ямар болохыг бүтээл дээрээ л харуулахаас биш.

Эх сурвалж: Өнөөдөр сонин

 

 

Сэтгэгдэлүүд:

1. amanjinka | 2009-05-19 18:37:33
сайхан эд бна дааа бахархмааар юм
2. ttulga | 2009-05-19 19:41:58
Сайн уу? Аманжинка
Монголын хээ угалз бүр цаанаа гүн гүнзгий утга агуулсан байдаг ба түүний тод жишээ нь төрийн их тамга юм. Дээр нь нэмж хэлэхэд ган дээр сийлнэ гэдэг бол цаг хугацаа, тэвчээр, ур шаардсан асар хүнд ажил лдаа.
3. Badman | 2009-05-20 08:49:43
Хүнд хэрэгтэй сайхан мэдээлэл байна. Амжилт хүсье.
4. ttulga | 2009-05-21 00:53:23
баярлалаа Баадмээн

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.

Монгол дархан