МОНГОЛ ДАРХАН

Шинэ оны эхний сарын бүтээлүүд
Шинэ оны эхний сарын бүтээлүүд захиалгаар хийгдсэн.








Халх эмэгтэйн гоёо
    Монгол ноён Хятадад тулга захиалжээ. Чингэхдээ тотгы нь бадарч буй дөлөөр хийсүгэй гэж. Хятадад тэр хүсэлтийг умартаж, тотгыг дөлөөр бус, хон хэрээний хошуу маягаар хийж ирүүлжээ. Монголын газар шороог хон хэрээний хошуугаар тогшуулах гэсэн санаа агуулсан гэж хаан оноон ухав. Хөрш гүрэнтэйгээ муудаад яахав, санаагий нь мэдсэн сайн болллоо. Хон хэрээ манай газар шороо, гал голомтыг тоншиж зүрхлэхгүй сөрөг ухааныг сийлье гээд албат нартайгаа зөвлөлдөн, үргэлж голомтынхоо захад байдаг галын зэн эхнэр хүний хувцсыг жигүүртний хаан хан гарьдын сүр жавхлант дүрийг дууриалган хийх болсон гэдэг. Халх эхнэрийн хувцас төрсөн учир ийм.
    Халх эхнэр хүн түнтгэр мөр, урт ханцуйтай дээлийг гол төлөв тод өнгийн торгоор хийж өмсдөг. Бас дээлийн гадуур давхар өмсөх "ууж" хэмээх өмсгөлтэй байжээ. Халх эхнэрүүд дээлийнхээ ханцуйг гол төлөв хоргойгоор хийдэг. Эхнэр хүний дээл нь ханцуйны уг мөрний залгаасаараа дээш илүү гарсан түнтгэр мөртэй байдаг. Мөн дээлийн хормойн хоёр хажуу талд оноо гаргаж, энгэр, хормойг тойруулан хэдэн үе эрээн туузаар эмжсэн байдаг. Дээлийн нударга хийх эд нь голдуу цэнхэр, хөх, хөх цэнхэр өнгөтэй. Эхнэр дээлний нударганы хэлбэрийг цомбон туурай, дэлбэн туурай хэмээн ялгадаг бөгөөд залуу хүмүүс цомбон, настай хүмүүс дэлбэн нударга хэрэглэнэ. Эхнэр дээлийн гадуур өмсөх ууж нь ханцуйгүй, энгэр нь тууш задгай өмсгөл юм. Уужны урт дээлийн урттай тэнцүү, оноо нь дээлийнхээс ялигүй богино байдаг. Уужийг гоёлын болон энгийн гэж ялгахаас гадна цээж ууж, урт ууж гэж хоёр янзаар хийдэг. Ууж нь гэрийн эзэгтэйн ёслол, хүндэтгэлийн өмсгөл болдог юм.Халх эхнэрийн гоёл чимэглэлд түүний эдлэж буй чимэглэл болох "толгойн боолт", "үсний гэр", "үсний хавчаар", "энгэрийн гуу", "хүзүүний зүүлт", "ээмэг", "бөгж" тэргүүтэн алт, мөнгө, шүр сувдан эдлэл ордог.Эмэгтэйчүүд бүсэндээ зүүж явдаг бяцхан уутанд чимхлүүр, чигчлүүр, хусуур, сам, шүүр зэрэг гоо сайхны зүйл байдаг байв .




Монгол эрийн гоёо
    Монгол угсаатны хувцас нь тус орны байгаль цаг уурын нөхцөл, эрхэлдэг аж ахуй, хэвшиж дадсан заншил төдийгүй түүхэн цаг үеийн онцлог, нийгмийн байдлыг тов тодорхой тусгаж ирсэн эдийн соёлын чухал дурсгал билээ. Монгол эрчүүд гоёлын дээл хувцаснаас гадна сайхан морь, мөнгөн эмээл, хазаар, сайн модоор хийж яс, мөнгөөр чимэглэсэн ташуур, урт сайхан уурга, бугуйл эдлэн гангардаг байжээ. Мөн уран хийцтэй мөнгөн хэт хутга, соёо цохилуур, хаш, манан соруултай ганс, үнэт чулуун хөөрөг, мөнгөн аяга, алт, мөнгөн бөгж тэргүүтнээр гоёдог байжээ.
    Монгол үндэсний хувцасны салшгүй хэсэг бол гоёо, чимэг, зүүлт хэрэглэл сэлт билээ. Монгол эр хүн хэт хутга, тамхины даалин, аяганы уут зэргийг бүснээсээ зүүж явдаг. Хутганы гэр гоёмсог сийлбэртэй, хажуудаа савхны гэртэй. Аяганы уутанд голдуу мөнгөн аяга авч явах ба тухайн хүний бэлээс шалтгаалан модон тагш ч байна. Ийнхүү хүн айлд ороод, гэрийн эзэнтэй мэндэлж, тамхилаад өөрийн аяга, савх, хутгаар хооллож ундалдаг байжээ. Тамхины даалин, аяганы уутыг торгоор хийж, дээр нь гоёмсог хээ угалзыг бүсгүйчүүд мэтгэдэг байж.







Утсан сүлжмэл хээтэй хаш аяга
    Хаш чулууг нэр хүнд, ёс суртахуун, гай барцадыг зайлуулах, бие биедээ харилцан туслахын бэлгэ тэмдэг гэж ярьдаг. Тэгвэл оюу нь хаш чулууны дотрох хамгийн ховор нандин, эрхэм чухал зvйл юм. Гvн ногоон єнгєтэй нягт цул текстуртай маш сайн чанарын зэрэглэлд орох 180кг хаш Баянхонгор аймгийн Галуут сумын Сvмбэрийн гол орчмоос олдож байжээ. Монголчууд хаш чулуугаар янз бvрийн гоёл чимэглэлийн зvйлс хийж ирсэн.
Ирэх жил Бээжин хотноо болох олимпийн наадмын хоёр, гуравдугаар байрын тамирчид хар ногоон хаш чулуугаар гоёсон цэвэр мөнгө, хүрэлээр энгэрээ мялаана. Тэргүүн байрын тамирчид хамгийн ховор цагаан шаргал хашыг алтаар тойруулж бүрсэн медаль хүртэнэ.









Хүндийн хэмжүүр
    Хэмжүүр гэдэг үг нь хэм гэсэн үгнээс үндэслэлтэй гэнэ. Хэм, хэмжих, хэмжээ, хэмжигдэхүүн, хэмжүүр, хэмжээс гэдэг үгнүүд байдаг. Хэмжүүр үгийг авч үзвэл урт өргөн, хол ойр, хүнд хөнгөн, сайн муу, хурдан удаан, цэвэр бохир, үнэ цэнэ, нэр хүнд гээд олон үгтэй холбоотой. Эдгээрээс хүндийн хэмжүүрийг авч үзье.
Хүн төрөлхтөн хөгжлийнхөө явцад нийгэм, эдийн засаг, биологийн олон харилцаанд ордог. Тэдгээрийн нэг эдийн засгийн харилцаа юм. Мөнгөн тэмдэгт, зоосон мөнгө үүсэхээс өмнө дайн, арилжаа солилцооны хэлбэрээр эдийн засгийн харилцаа зохицуулагдаж байсан ба энэ үед хүндийн хэмжүүр үүссэн гэдэг. Улс үндэстэн бүр байгаль цаг уур, шашин шүтлэг, зан үйл, эрхэлж буй ахуй нь өөр. Үүнтэй адил хүндийн жинг фунт, паунд, киллограмм, жин гэх мэт өөр өөр хэмжээгээр хэмждэг болжээ.
Олон улсын нэгжийн систем буюу СИ системийн хүндийн нэгжийг килограмм гэдэг.1кг нь 39 мм диаметр бүхий зөв цилиндр (өндөр нь диаметртэйгээ тэнцүү) хэлбэртэй 90% цагаан алт, 10% иридиумын хайлшын жинтэй тэнцэнэ.
Монголчууд дэнс, тавган жин, морин жин ашиглаж хүндийг хэмждэг байв. Хүндийн хэмжих нэгжийг  ин, дан, жин, лан, цэн, фун, лий, ху, сы гэдэг. Эдгээрийг си нэгж буюу кг-тай харьцуулбал:
1ин - 119,3632кг
1дан - 59,6816кг
1жин - 596,816г
1лан - 37,301г
1цэн - 3,7301г
1фун - 0,37301г
1лий - 37,301мг
1ху - 3,7301мг
1сы - 0,37301мг
хэмжээтэй тус тус тэнцэнэ. Бусад хүндийн хэмжүүр:
1 унц - 28,3 грамм
1 грамм - 0,035 унц
1 фунт - 0,454 киллограмм
1 киллограмм - 2,2 фунт
(Нийт: 43)

Монгол дархан